2022 оны 09 сарын 12
2022 оны 09 сарын 08,09-ний өдрүүдэд Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэр болох Сэврэй сумын Хонгорын гол, Ханхонгор сумын нутаг дахь Зүүнсайхан уулын Хавцгайт, Дүнгэнээгийн амуудад их цэвэрлэгээ зохион байгуулж ажиллаа. 09 сарын 08-ны өдөр Аялал жуулчлалын бүс нутаг болох Хонгорын элсний Дуут манхан, Хонгорын гол, Сэрүүн булаг, Нүдэн булаг орчмын хог хаягдлыг тус орчинд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 жуулчны бааз, 18 гэр буудал эрхлэгчдийн хамт Хамгаалалтын захиргааны “Ирвэс” хэсгийн байгаль хамгаалагчид цэвэрлэлээ. Цэвэрлэх шаардлагатай газруудыг тодорхойлон хог хаягдал булшлах цэг орчинд бутарсан хог хаягдал, гол зам дагуух хог хаягдал, булаг шанд, гол орчмын хог хаягдал, жуулчны бааз, гэр буудал эрхлэгчид эргэн тойрныхоо 500 метр радиусд 5 машин, 9 мотоциклтойгоор 3 тн гаруй хог цэвэрлэж булшиллаа.
09 дүгээр сарын 09-ний өдөр Зүүнсайхан уулын Хавцгайт, Дүнгэнээгийн амуудын хогийг Байгаль орчны салбар байгууллагууд болох Цаг уур орчны шинжилгээний алба, Алтай Өвөр Говийн Сав Газрын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Говийн Өргөө жуулчны бааз, байгаль хамгаалах иргэдийн “Жаргалант”, “Зүүнсайхан эх нутаг” нөхөрлөлүүд хамтран нийт 1 тн орчим хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүлж ажиллаа. Хогийн цэгт төвлөрсөн хогийг Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу ээлжит ачилтаар аймгийн төвийн нэгдсэн хогийн цэг рүү ачууллаа. Тус их цэвэрлэгээний ажил зохион байгуулахад байгууллага, аж ахуй нэгж тус бүр цэвэрлэгээний багаж хэрэгсэл, бензин шатахууны зардлаа гаргаснаас гадна хог хаягдлыг зайлуулахад Хонгорын голд 300000 төгрөг, Зүүнсайхан уул орчинд 150000 төгрөгний зардал гарлаа. Түүж цэвэрлэсэн хог хаягдлын дийлэнх нь хуванцар сав, архины шил, нойлын цаас, тамхины иш байлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ