2022 оны 04 сарын 20
2022 оны 04 сарын 14-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд “Монгол улсын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн хог хаягдлын менежмент” сэдэвт хэлэлцүүлэгт Эко Дэвшилт ТББ-ын урилгаар Хамгаалалтын захиргааны Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун мэдээлэл хийж оролцлоо. Тус хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан ЭкоДэвшилт (ЭкоЛип) төрийн бус байгууллага нь 1999 оноос хойш "Хоёр нарны хооронд" олон улсын ультра марафон гүйлтийг уламжлал болгон Хөвсгөл нуурын баруун эрэгт жил бүр зохион байгуулж ирсэн. Энэхүү хандивын марафоны санхүүжилтээр тухайн орон нутаг буюу "Хөвсгөл аймгийн Тусгай Хамгаалалттай Газар"-т тулгараад байгаа нэн чухал асуудал болох хуурай хог хаягдлыг багасгах, байгаль орчинд нөлөөлөх хор уршгийн талаар сургалт зохион байгуулах, байгальд задардаг био уутыг Хөвсгөлд ирж буй жуулчдад үнэгүй тарааж хуурай хог хаягдлыг түүж, хогны цэг дээр бөөгнүүлж тавихыг уриалах сайн дурын ажлуудыг тасралтгүй зохион байгуулж Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газрыг унаган төрхөөр нь хадгалан, Хөвсгөл Далайг цэнгэг байлгах их үйлсэд 22 жилийн турш хувь нэмрээ оруулж байгаа байгууллага юм байна.
2020 оны 9 сард ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Яам болон Дэлхийн байгаль орчны сангаас манай байгууллагын үйл ажиллагааг дэмжин хог хаягдлыг ангилан ялгаж, эх үүсвэр дээр нь багасгах зорилгоор нэмэлт санхүүжилтийг олгосон бөгөөд энэхүү санхүүжилтийн хүрээнд олон нийтийн хэрэгслээр дамжуулан орон нутгийн болон улсын хэмжээнд хог хаягдлын боловсрол эзэмшүүлэх, хог хаягдлыг багасгах, ангилан ялгах, 1000 ширхэг хог дахин боловсруулах мэдлэг олгох хуудас, 50 ширхэг хог хаягдал ангилах систем болон тэмдэглэгээг жуулчны баазуудад суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Тус хэлэлцүүлгийг нээж ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хатагтай Регина Рутенберг үг хэлсэн. Мөн Хөвсгөл Трейвэл ХХК-ны захирал, Эко Дэвшилт ТББ-ын зөвлөх Ш.Пүрэвдорж Хөвсгөл нуурын баруун эрэгт хог хаягдлын чиглэлээр хийгдсэн ажлууд, Эко Дэвшил ТББ-ын төслийн менежер С.Шүрэнгэрэл “Хөвсгөл нуурын БЦГ-ын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах”, Тогтвортой аялал жуулчлал төслийн байгаль орчны мэргэжилтэн Б.Билгүүн-Очир “ХНБЦГ-т хэрэгжиж буй аялал жуулчлалын дэд бүтцийг дэмжих төслийн танилцуулга”, Мөрөн сумын ахуйн хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн менежер Ш.Болор “Мөрөн сумын ахуйн хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн танилцуулга”, ХБЦГХЗ-ны дарга Ц.Дашпүрэв ХБЦГН-ийн хог хаягдлын менежмент, өнөөгийн байдал ба хийгдэж буй ажлууд”, ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн Т.Ганчулуун “ГГБЦГ-ын хог хаядал”, Эко сум ТББ-ын Тэргүүн Г.Нарантуяа “Эко сум хог хаягдлын гарцыг бууруулах, зохицуулах” сэдвүүдээр тус тус илтгэл тавьлаа. Уг хэлэлцүүлэгт илтгэгчдээс гадна Хөвсгөл аймгийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүсээс гадна жуулчны баазын төлөөлөл оролцож өнөөгийн үүсээд байгаа хог хаягдлын нөхцөл байдал, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийн талаар санал солилцож, хамгийн чухал нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах замаар булшлах хог хаягдлын хэмжээг бууруулахад ач холбогдол өгсөн хэлэлцүүлэг боллоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ