2021 оны 07 сарын 26
Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хүсэлт илгээсний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн А/734 дугаар тушаал гарч, цогцолборт газарт мөрдөх аяллын маршрутын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг 07 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн төв Даланзадгад сумын ЗДТГ-аас гадна Баяндалай, Булган, Хүрмэн, Ханхонгор сумд, газар ашиглагч төр хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, байгаль орчны салбар байгууллагууд болох БОАЖГ, АӨГСГЗ, УЦУОША, Сум дундын ойн анги, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл зэрэг 22 байгууллага хамрагдаж, хувиарт талбайд хог цэвэрлэн нийт 47.75 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зайлууллаа. Үүнд: баруун сумд руу чиглэсэн төв зам дагуух буюу Баяндалай сумын Баян баг хүртлэх 68 км замын хог хаягдлыг хувиарт талбайнууддаа байгууллагууд цэвэрлэн төвлөрүүлснийг 2 удаагийн ачилт буюу 20 гаруй тн, Оюутын амны хогийн цэгт төвлөрсөн хогийг 1 удаагийн ачилт буюу 10 гаруй тн-ыг тус тус Захирагчийн ажлын албаны хогийн машинаар, Баяндалай, Булган, Хүрмэн, Ханхонгор сумд 7.5 тн, Говийн Өргөө, Дүнгэнээ жуулчны баазууд хувиарт талбайд 150 кг, байгаль хамгаалах “Жаргалант”, Зүүнсайхан эх нутаг” нөхөрлөлүүд 6 тн, газар ашиглагч бусад иргэн ААН-үүд 4.1 тн хог хаягдлыг өөрийн зардлаар тээвэрлэн төв суурингийн хогийн цэгт хаялаа. Жич: баяр наадмын амралтын өдрүүдээр Сэврэй сумын Хонгорын гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан тул энэ удаа хог цэвэрлэх шаардлагагүй байлаа. Гурвантэс суманд хатуу хөл хорио тогтоосон тул цэвэрлэгээ хийгдсэнгүй, хөл хорио сулархаар нөхөн хувиарт талбайд цэвэрлэгээ хийхээр тохиролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ