2020 оны 06 сарын 18
06 сарын 18-ны өдөр Хамгаалалтын захиргааны Говийн бүсийн мэдээллийн төвд Ёлын амыг түшиглэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гишүүдэд сургалт зөвлөгөөн зохион байгууллаа. COVID-19 халдварт өвчний хорион цээрийн дэглэмийн улмаас нөхөрлөлийн гишүүдийн хурлын ирцийг 10 хүний тоонд барих бодлого барьж ажиллаа. Тус сургалтанд урилгаар БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Бурмаа, “Гайхамшигт говь” АЖХ-ны тэргүүн Х.Түмэндэлгэр, холбооны дэд ерөнхийлөгч н.Ариунсанаа нар оролцож, ажлал жуулчлалын чиглэлээр аймаг орон нутгаас барьж буй бодлого, “Монгол гэр” ажиллуулах журам, аймгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй менежментийн төлөвлөгөө, гэр буудал эрхлэгчдийн хөтлөх судалгааны маягтын загвараас гадна “Тогтвортой аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдэвт сургалт зохион байгууллаа. Мөн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн В.Өсөхбаяр “Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо”, мэргэжилтэн Т.Ганчулуун “НИТАЖ хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ” сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцлаа. “Зүүнсайхан эх нутаг” нөхөрлөлийн ахлагч Б.Отгонжаргал тус нөхөрлөлийн 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг нийтэд сонсголоо. Хуралдааны эцэст 2020 онд байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гэрээг байгуулж, хариуцан хамгаалах болон ашиглах газар нутгуудыг актаар хүлээлцлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ