2019 оны 09 сарын 18
Жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог, нутгийн ард иргэдийн өрхийн орлогыг дэмжих, аялал жуулчлалын хугацааг уртасгах, орон нутгийн эвент арга хэмжээтэй болох зорилго бүхий “ЭЛСЭН МАНХАНЫ БАЯР”-2019 арга хэмжээ 3 дахь жилдээ буюу 09 сарын 14,15-ны өдрүүдэд Сэврэй сумын нутагт орших алдарт “ХОНГОРЫН ЭЛС”-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг энэ жил нилээд өргөн дэлгэр, шинэлэг олон арга хэмжээгээр чимж тухайлбал: марафон гүйлт, элсний оргил булаалдах тэмцээн, мото болон авто уралдаан зэрэг спортын үзүүлэх тоглолтууд, “Алтан элс” үдшийн шоу болон говь нутгийн онцлогийг харуулсан олон талт арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, БОАЖГ, “Гайхамшигт говь” АЖХ, ГГБЦГХЗ хамтран зохион байгууллаа.
Мөн энэ үеэр Сэврэй, Булган, Гурвантэс сумдын байгаль хамгаалах Алтайн хойлог, Ирвэс, Хулан клубын 78 сурагч “ХОГГҮЙ ЦЭМЦГЭР” наадахыг уриалан Хамгаалалтын захиргаатай хамтран ажиллаа. Тус арга хэмжээний үеэр Хамгаалалтын захиргааны хамт олон “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулж иргэдэд сурталчилгаа хийж, санал хүсэлтийн хайрцаг ажиллууллаа. Нээлттэй хаалганы арга хэмжээнд иргэдээс гадна аймгийн удирдлагууд, ЕБС-ийн байгаль клубууд хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, мэдээ мэдээлэл авлаа. Сурталчилгааны материал болгож А-3 хэмжээтэй танилцуулга 1500 ширхэгийг шинээр хэвлүүлсэнээс гадна ургамал, амьтан, жигүүртэн шувууд, байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, аяллын маршрутын танилцуулгыг тараалаа. Мөн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг багаж, тоног төхөөрөмж хэрэгслийг дэлгэн танилцууллаа. Үйл ажиллагааны төгсгөлд ТХГ нутгийг хэн сайн мэдэх вэ? Сэдэвт хөгжөөнт цэнгээнт АХА тэмцээн зохион байгуулж шагнаж урамшууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ