2017 оны 03 сарын 10
Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл” арга хэмжээний хүрээн дэхь “Тэмээний баяр- Өвлийн наадам”-ыг “Түмэн Тэмээ-Тэмээн аялалын холбоо” 2017 оны 3 сарын 6-7 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд 20 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмээний баярын гол зорилго нь дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх юм.
Монголчуудын 2000 жилийн өмнөөс тэмээг уралдуулж ирсэн уламжлалд түшиглэн 1997 оноос эхлэн зохион байгуулж байсан энэ наадам тэмээтэй холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулсан нь Монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том ЭВЕНТ болоод байна.
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 5 сарын 1 хүртэл морь тэмээний уралдааныг зохион байгуулахгүй байх аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Гэвч олон жил зохион байгуулан олон жуулчдын хүлээлттэй арга хэмжээний нэг болсон “Тэмээний баярыг” аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн зөвхөн Булган сумын хэмжээнд зохион байгуулсан юм
Австрали, Франц, Герман, Солонгос, Япон, Англи зэрэг 10 гаруй орноос ирсэн 80 гаруй жуулчид, дотоодын 1500 гаруй орон нутгийн иргэд, мөн Норвегийн телевиз, “UBS” телевизорын сэтгүүлч, зураглаач нар ажиллалаа.
Тэмээний баярыг БОАЖЯам, аймгийн БОАЖГазар, ГГБЦГХЗахиргаа, Булган сумын ИТХ, ЗДТГ, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол говь”, “Говийн наран”, “Говь эрдэнэ”, “Говийн гурван тэмээ” жуулчны баазууд ивээн тэтгэж санхүүжүүлсэнээс гадна 2015 онд орон нутгийн тэмээн холбоодуудыг нэгтгэж дээвэр холбоо болох Тэмээн соёл- тэмээн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн ирснээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны томоохон илрэл боллоо.
Хөтөлбөрийн дагуу Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн ‘Алтайн хойлог’ клуб, аймгийн “Шидэт бүжиг”-н хамтлагийн концерт болж гадаад дотоодын жуулчдын сэтгэлийг хөдөлгөлөө. Булган сумын сурагчдын байгаль хамгаалах клубын үйл ажиллагааг дэмжиж ГГБЦГХЗахиргаанаас хандив өгч, клубын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Мөн “Аялал жуулчлал-Өрхийн орлого” хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдийн гар урлал, тэмээний бүтээгдэхүүнээр хийсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр сайхан болж иргэдийн орлогыг нэмэгдүүлж, мөн Булган сумын иргэд гадаад болон дотоодын жуулчдыг Монгол гэрт тав тухтай байдлыг ханган авч чанартай үйлчилж, өөрсдийн амьдрал болон орон нутгийн мэдээллийг өгч ажилласан нь орон нутгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүллэхэд тэмээний баярын арга хэмжээ ихээхэн дэмжлэг боллоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ