Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ.
Байгаль орчны сайдын 2002 оны 244 дүгээр тушаалаар Орчны бүсийн хилийн заагийг тогтоосон байдаг. Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Булган сумдын нийт 1321806 га газар орчны бүсэд ордог.
ТХГН-ийн орчны бүсийн тухай хууль, ТХГН-ийн орчны бүсийн зөвлөлийг байгуулж ажиллуулах журмын дагуу зөвлөл байгуулах болон зөвлөлийн бүрэлдэхүүний талаархи саналаа сумдын Засаг дарга нартай хамтран боловсруулж, сумдын ИТХ хуралд оруулж зөвлөлүүдийг байгуулсан.
Орчны бүсийн зөвлөлүүд нь сурталчилгаа хийх, бэлчээр сэлгэн ашиглах, авах арга хэмжээг тодорхойлох, тулгамдаж буй асуудлаа ИТХ, Засаг даргадаа танилцуулж шийдвэрлүүлэх, ялангуяа ард иргэдийг байгаль хамгаалалд татан оролцуудах, байгаль хамгааллын чиглэлээр байгуулагдаж буй хамт олныг зохион байгуулах, чиглүүлэх, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа нь сумын нутаг дэвсгэрийн байгаль хамгаалалд ач холбогдол өгч байгаа бөгөөд сумын хөгжлийг дэмжих, хүн ардын амьдралыг дэмжих, хамтарч ажиллахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.


