Бидний тухай

Манай танилцуулга

Бидний тухай


      Говь Гурвансайханы байгалийн цогцолбор газар (ГГБЦГ) нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах, Жаргалант багууд, Булган сумын Хавцгайт баг, Сэврэй сумын Хоолт, Бүйлсэн, Сайншанд багууд, Гурвантэс сумын Гоёот баг, Баяндалай сумын Төхөм, Баян багууд, Хүрмэн сумын Хүрмэн багийн нутгийг хамарсан 2171737 га талбайтай, баруунаас зүүн тийш 450 гаруй км урт бөгөөд хамгийн өргөн газраа 90 км, нарийн хэсэгтээ 15 км өргөн зурвас талбай бүхий нутагтай.

       ГГБЦГ-ын дотоод бүсчлэлийн хилийн заагийг Байгаль орчны сайдын 1999 оны 159 тоот тушаалаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5, 6 дугаар заалтыг үндэслэн ГГБЦГ-ын орчны бүсийн хилийн заагийг Байгаль орчны сайдын 2000 оны 26 дугаар тушаалаар тогтоосон. ГГБЦГ-ын орчны бүсэд Өмнөговь аймгийн 6 сум, 10 багийн 1207,4 мянган га нутаг дэвсгэр хамрагдаж байгаа бөгөөд одоогоор 6 суманд Орчны бүсийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

      ГГБЦГ нь гадаргын хувьд өндөр уул нурууд, уудам хоолой, хотгор хослон орших тул үнэмлэхүй өндрийн хувьд зөрүү ихтэй. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2825,6 м өндөрт өргөгдсөн Дундсайхан уулын ноён оргил Эрдэнэцогтын овоо, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 706 м өндөртэй Ингэн хөөвөрийн хоолойюм.

        ГГБЦГ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь цөлийн бүсэд орших бөгөөд Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их мужид багтах ба байгаль газарзүйн 3 дэд муж, 9 районд харъяалагдана. ГГБЦГ-ын Баруун хэсэг нь Алтайн өвөр говийн баруун хэсгийн бэлэрхэг уул, хотгор бүхий хэт гандуу цөл, өмнөд цөлийн дэд мужид, Өмнөд болон хойд, зүүн, зүүн өмнөд хэсэг нь Алтайн өвөр говийн зүүн хэсгийн бэлэрхэг уул, хотгор бүхий өмнөд цөлийн дэд мужид, Зүүн хойт хэсэг нь Говь Алтайн зүүн хэсгийн бэлэрхэг уул бүхий умард цөл, заримдаг цөлийн дэд мужид тус тус хамрагддаг. 

      Говийн байгаль, цаг уурын эрс тэс байдал, түүний өвөрмөц, сонин тогтоц байгалийн нөөц баялаг, түүх соёлын арвин их өв, нэн ховор, ховор амьтан, ургамлын зүйлс, пелеонтологи, археологийн ховор олдворууд нь гадаад дотоод эрдэмтдийн анхаарал сонирхолыг зүй ёсоор татсаар ирсэн билээ.

     ГГБЦГ-т аргаль, янгир, ирвэс, хулан, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цоохондой, цагаан зээр, чичүүл, огдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам зэрэг 56 зүйл хөхтөн амьтдын зүйлийн бүрдлийн 50 орчим хувийг мэрэгчтэн эзэлж тус газарт зонхилогч амьтан болж, 4 зүйл нэн ховор, 11 зүйл ховор амьтны ангилалд хамарч байна. Монгол улсын “Улаан номд”-нд 14 зүйл нь бүртгэгдсэнээс гадна 7 зүйл нь Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах” тухай олон улсын (CITES) – ийн I, IIконвенцийн хавсралтад, 2016 оны Өмнөговь аймгийн ургамалжилтын судалгаагаар 60 овог, 261 төрөл, 614 зүйл ургамал бүртгэгдсэн нь ГГЦБГ-ын нутагт одоогоор 48 овгийн 164 төрөлд хамаарах 350гаруй зүйл гуурст ургамал нь Говь-Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойргийн ургамлын аймгийн бараг 50 орчим хувийг эзэлж байна. Энэ бүсийн ургамлын аймгийн 60 гаруй хувийг 10 томоохон овог бүрдүүлж байгаа бөгөөд, хангай ойт хээрийн уулархаг бүсэд зонхилдог сараантан, холтсон цэцэгтэн овгууд түрж орж ирсэн байна. Энэ нь тухайн нутгийн гарал үүсэл, геологийн түүхэн үеүүд (мөстлөгийн үеийн ул мөрийг илтгэх реликт хэлбэрүүд нэлээд бүртгэгдэж байгаа)-тэй холбогдож байгаа хэрэг юм. Тус цогцолборт газрын нутаг дэвсгэрт зонхилох ургамлын амьдрах хэлбэрийг ангилан үзвэл мод 1,7%, сөөг 10,3%, сөөгөнцөр 6,2%, монокарп 5,5%, поликарп 76,6%, паразит ургамал 0,6% тус тус эзэлж байна. ГГБЦГ-ын нутаг дэвсгэрт нэн ховор устаж болзошгүй 18 зүйл, унаган ба завсрын унаган48 зүйл, реликт 11 зүйл ургамал бүртгэгджээ. Говь Гурвансайхан, түүнээс урагш орших уулс, Алтайн өмнөх говьд манай оронд байдаг шувуудын 14,2 хувь буюу 60 зүйл шувуу тэмдэглэгдсэн байдаг бол ГГБЦГ-т 29 овгийн 100 гаруй зүйл жигүүртэн шувуудаас 1 зүйл ховор ангилалд, 4 зүйл нь Монгол улсын Улаан номонд, 2 зүйл (CITES) – ийн I, II конвенцийн хавсралтад тус тус бүртгэгдсэн.

      ГГБЦГ-т Археологийн олдворуудыг судалдаг экспедиц, хээрийн шинжилгээний багууд 1960 онд Гурвансайханы нурууны хойд болон, өмнөд талаас олон арван чулуун зэвсэг түүсэн, 1988 онд Баяндалай сумын нутаг Зүлэгтийн бичигт хадны бичээс, Сэврэй сумын нутаг Хар дэлийн бууц зэрэг газруудаас хадны зураг бүртгэсэн, 1995 онд Гурвансайхан уулын Баруунсайханы зүүн үзүүрт “Энгэр хайрхан” уулын нэгэн элгэн хаднаас аргаль, янгир, буга, нум сум агссан хүнийг дүрсэлсэн сийлмэл зураг буйг нийтэлсэн, 1995-1999 онуудад тус аймгийн Булган сумын нутагт Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн суурин, Сэврэй сумын Сэврэй хадны бичээс зэргийг өнөөг хүртэл судалсаар, шинээр нээн илрүүлсээр байна.

        Говь Гурвансайханы БЦГ-ын үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа нэг зүйл бол үлэг гүрвэлийн олдвор, түүнийг хадгалж, агуулж байгаа олдворт газруудюм. Монгол нутгаас одоогоор 98 төрөл зүйлийн үлэг гүрвэлийг олж тогтоогоод байгаа билээ.Үүнээс 54 төрөл зүйлийн үлэг гүрвэлийг Говь Гурвансайханы БЦГ-т хамаарах 13 олдворт газраас олж тогтоогоод байна.Үүнээс үзвэл Монгол орноос олддог үлэг гүрвэлийн төрөл зүйлийн60% ийг энэ бүс нутгаас олж илрүүлсэн байна.Эдгээр олдворт газар нь Цэрдийн галав буюу 90-66 сая жилийн хооронд хамаарагдаж байна

Shopping Cart (0 items)