Аялал жуулчлал


        Өмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн томд ордог аймаг бөгөөд Говь Гурвансайханы Байгалийн Цогцолборт Газар нь 2171737 га талбайтай, баруунаас зүүн тийш 450 гаруй км урт, хамгийн өргөн газраа 90км, нарийн хэсэгтээ 15км өргөн зурвас талбай бүхий Алтайн нурууны үргэлжлэл Алтан уул, Нэмэгт, Гилбэнтийн нуруу, Сэврэй, Зөөлөнгийн нуруу, Баянцагаан, Баянборын нуруу, Говь Гурвансайханы уулс зэрэг д.т.д. 2800 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 10-195 метр цавчим өндөр, 3-25 км өргөн, баруунаас зүүн тийш 185 км орчим үргэлжлэх Хонгорын элс, хэдэн арван км өргөн алдарт их говиуд, эртний хүмүүсийн амьдарч байсан ул мөр, сүг зураг, бичигт болон гэрэлт хөшөө, хүн чулуу зэрэг түүх соёлын ховор нандин үзмэрүүд, 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд, дэлхийд ховорт тооцогдох Нэмэгтийн Их хонгил, Хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль, дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхолыг ихээхэн  татдаг нутаг билээ.

      ГГБЦГ-т ирдэг жуулчид Ёлын ам, Хонгорын элс, Хэрмэн цав, Зуун мод, Зулганай зэрэг газрын өвөрмөц тогтоц болон говийн харьцангуй унаган төрхөөрөө байгаа эмзэг онгон байгаль, ургамал, цаг уурын үзэгдэл, ховор ан амьтан, эртний амьтан ургамлын үлдэц, палеонтологийн олдвор, нүүдэлчин монголчуудын зан заншлыг үзэж сонирхохоор ирдэг.

     Хамгаалалтын захиргаа аялал жуулчлалын маршрутыг 2018 онд батлуулсан. Аялал жуулчлалын гол цэг Ёлын ам, Хонгорын голд Хяналт, мэдээлэл, сурталчилгааны цэг байгуулсан бөгөөд цаашид аялал жуулчлалын улиралд Нэмэгтийн хонгил, Хэрмэн цав, чиглэлээр ийм цэгүүдийг байгуулан ажиллуулах зорилт тавин ажиллаж байна.

Shopping Cart (0 items)