Ёлын ам

     Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Ёлын ам нь Говь Гурвансайхан уулсын Зүүнсайхан уулын зүүн хойд хэсэгт, хойд өргөрөгийн 430 29’ 22”, дорнод уртрагийн 1040 03’ 51” солбицолд далайн түвшинээс дээш дунджаар 2600 метр өндөрт оршдог. Говийн экосистемийг хамгаалахын тулд тус байгалийн үзэсгэлэнт газрыг 1965 онд "Дархан цаазат газар" болгосон байна.

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш 45км-т, Улаанбаатар хотоос 630 км-т Говь Гурвансайханы БЦГ-ын Зүүнсайханы уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан урт хавцал юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газар нь өвөрмөц хадаар хүрээлүүлсэн, зундаа горхи урсаж, өвөлдөө булаг нь хөлдөн зузаан мөсөн давхарга үүсдэг. Долоодугаар сарын дунд хүртэл мөсөн бүрхүүл тогтцоо хадгалдаг. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Ёлын амны мөс нь зогсоолоос зүүн талдаа 2 км орчим бөгөөд аялагч та явган аялахаас гадна нутгийн хөтчийн морь болон хөсөг тэргээр аялах боломжтой.

    Ёлын ам нь гадаад, дотоод аялагчдын гол зорин очих газруудын нэг юм.


Shopping Cart (0 items)